Уран ба үндэсний эрх ашиг

img

 

Монгол Улс ашигт малтмалын арвин нөөцтэй орны хувьд хөгжлийн олон боломжийн өмнө байна. Гэвч бидний өнгөрсөн 30 жилийн түүхийг эргэн харахад томоохон төслүүд эдийн засгийн үндэслэлээр бус, улс төрийн ашиг сонирхлын золиос болж байсан тохиолдол цөөнгүй. Өнөөдөр ураны төслийн асуудал мөн л ийм зам руу орж эхэлж буй нь анхаарал татаж байна.

Дэлхий нийт нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилт дэвшүүлж, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг эрэлхийлж буй энэ үед цөмийн эрчим хүч дахин анхаарлын төвд оржээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцооллоор ирэх арван жилд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл өсөх төлөвтэй бөгөөд үүнийг дагаад ураны эрэлт ч нэмэгдэх хандлагатай байна. Монгол Улс энэ зах зээлд оролцох боломжтой цөөн орны нэг. Монголд стратегийн төслүүдийг хэлэлцэх үед шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлээс илүү айдас, цуурхал, улс төрийн ашиг сонирхол хүчтэй нөлөөлж ирсэн нь нууц биш.

Аливаа уул уурхайн төсөл байгаль орчин, усны нөөц, орон нутгийн амьдралд нөлөөлөх эсэх талаар иргэд асуулт тавих нь зүй ёсны хэрэг. Харин асуудал нь шинжлэх ухааны мэдээлэл, бодит судалгаанд тулгуурласан мэтгэлцээн өрнөхийн оронд цуурхал, хэт дэвэргэгдсэн мэдээлэл олон нийтийн санаа бодлыг чиглүүлж эхлэх үед үүсдэг. Орон нутагт мэдээллийн хүртээмж хангалтгүй байх нь том төслүүдийн хамгийн эмзэг цэг болж байна. Иргэд төслийн технологи, байгаль орчны хяналт, эдийн засгийн үр өгөөжийн талаар бүрэн мэдээлэлгүй байх үед янз бүрийн улс төрийн бүлэглэлүүд болон ашиг сонирхлын хүрээллүүд энэ орон зайг эзэлдэг болжээ. Тэдний зорилго нь төслийг сайжруулах биш, харин тодорхой улс төрийн оноо авах, эсвэл тухайн нөхцөл байдлыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглах явдал юм.

Сонгууль ойртох тусам хөгжлийн томоохон төслүүд эдийн засгийн асуудал байхаа больж, улс төрийн маргааны сэдэв болж хувирдаг нь худлаа биш. Зарим улстөрчид тухайн төслийн урт хугацааны эдийн засгийн ач холбогдлыг ойлгож байсан ч сонгуулийн мөчлөгийн богино ашиг сонирхолд автаж, олон нийтийн айдас, эргэлзээг өдөөх замыг сонгодог. Үр дүнд нь улс орны хөгжлийн асуудал шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлээсээ илүү улс төрийн уриа лоозон болж хувирдаг. Хамгийн том эрсдэл нь цаг хугацаа юм. Байгалийн баялаг зах зээлээ мөнхөд хүлээдэггүй. Өнөөдөр дэлхий уран, газрын ховор элемент, зэс зэрэг стратегийн ашигт малтмалын төлөө өрсөлдөж байна. Харин арван жилийн дараа технологи өөрчлөгдөж, шинэ эрчим хүчний эх үүсвэрүүд гарч ирвэл өнөөдрийн үнэ цэнтэй нөөцүүдийн эдийн засгийн ач холбогдол буурахыг үгүйсгэхгүй.

Түүх сөхвөл Монгол Улс олон боломжийг алдсан байдаг. Том төслүүдийг улс төрийн маргаан дунд удаан хугацаагаар гацааж, хөрөнгө оруулагчдыг үргээж, зах зээлийн таатай мөчлөгийг алдсан тохиолдол нэг бус. Ураны асуудал мөн ийм хувь заяатай тулгарах эсэх нь өнөөдрийн шийдвэрээс хамаарна.

Эцэст нь Монгол Улс томоохон төслүүдээ шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлээр шийдэх үү, эсвэл айдас, цуурхал, богино хугацааны улс төрийн ашиг сонирхлоор шийдэх үү гэдэгт оршиж байна. Хэрэв бид мэдлэгийг улс төрөөс дээгүүр тавьж чадахгүй бол зөвхөн нэг төслийг бус, бүтэн үеийн хөгжлийн боломжийг алдах эрсдэлтэй. Харин зөв шийдвэр гаргаж чадвал ураны төсөл нь зөвхөн уул уурхайн төсөл биш, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, стратегийн ач холбогдолтой шинэ салбар бий болгох эхлэл болж чадах юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ