Газрын тосны үнийн өсөлт Монголд нөлөөлөх үү...
“Газрын тосны үнэ цаашид өсөх төлөвтэй гэж шинжээчид тооцолж байна” хэмээн Bloomberg мэдээллээ. Вакцинжуулалт үргэлжилж байгаа нь газрын тос, түлшний эрэлтийн төлөвт эергээр нөлөөлнө гэж үзэж байгаа аж. 2020 онд хамгийн их хохирол амссан аялал жуулчлал, агаарын тээврийн салбар эргэн сэргэж байгаа нь газрын тосны бүтээгдэхүүний эрэлтийг дэмжихээр байна. Олон улсын зах зээлд гарч буй үнийн өөрчлөлт Монголд мөн адил нөлөөлж эхэлсэн хэмээн эдийн засагч Д.Ангар хэллээ. Тэрбээр “Дэлхийн зах зээлийн өөрчлөлтийг бид хязгаарлах боломжгүй. Ямар ч сайд, дарга байсан үнийн өсөлтийн нөлөө эдийн засагт орж ирнэ. Бид үүнийг хааж чадахгүй. Чөлөөт, нээлттэй эдийн засаг учраас газрын тосны үнийн өөрчлөлт манай улсын эдийн засагт их, бага хэмжээгээр мэдрэгдэнэ” гэв.

















