Автобус халдварын эх уурхай болж байна
Нийслэлд халдвар хамгааллын дэглэм хамгийн ихээр зөрчигддөг газар бол нийтийн тээвэр. Автобусны суудлууд дээр болон хүний нүдэнд ил харагдах газар байрлуулсан “Хүн хоорондын зайгаа барь” гэсэн бичиг улиг болжээ. Цагтай уралдаж ажил, хичээлээсээ хоцрохгүй гэсэн иргэд амны хаалтандаа итгэж, автобусанд олноор сууна. Арга ч үгүй биз. Хэрэв автобусанд суухгүй бол өөр зорчих тээврийн хэрэгсэл байхгүй. Ингэхдээ амны хаалтаа "буруу" зүүсэн иргэд ч цөөнгүй. Амны хаалт зүүсэн нэр төдий байх аж. Халдвар тээгч нэг хүн амны хаалтаа буруу зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй нийтийн тээврээр үйлчлүүлбэл тухайн автобусанд суусан бүх л хүн халдвараар өвчлөхөөс гадна, гэр бүл нь халдварт өртөнө. Иргэн бүр хариуцлагатай байх хэрэгтэй.



















