Беларус: Минскт Оросын тусгай онгоц газарджээ

ОХУ-ын "Россия" тусгай нислэгийн отрядын Ту-214ВПУ наймдугаар сарын 18-ны орой Минск хотноо газардсан талаар Flightradar24 сервисээс авсан мэдээлэлтэйгээр Лента.ру дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, RA-64523 хөлгийн дугаартай онгоц Москвагийн цагаар наймдугаар сарын 18-ны 16:07 цагт Внуково олон улсын нисэх буудлаас хөөрч, 17:18 цагт Беларусын нийслэлийн нисэх буудал дээр газарджээ. Энэ нислэгээр хэн ямар зорилготойгоор Минск рүү очсон талаарх мэдээлэл алга байна. Беларус болон Оросын албаныхан энэ талаар мэдээлэл өгөөгүй гэж Лента.ру мэдээлжээ.
Тусгай нислэгийн отрядын онгоц Минскт газардсан нь сүүлийн долоо хоногт Беларуст Оросын Засгийн газрын онгоц газардсан гурав дахь тохиолдол гэнэ. Өмнө нь, наймдугаар сарын 12-ны өдөр Оросын ззасгийн газрын тээвэрлэлтэд зориулдагдсан, люкс салонтой, Агаар сансрын хүчний бүрэлдэхүүний хоёр Ту-134АК онгоц Беларуст очсон байна. Тухайн үед эдгээр онгоц Минскт очсон зорилгын талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч энэ нислэгээр өмнө нь Беларуст баривчлагдсан 32 иргэнийг Орос руу авчирсан гэж наймдугаар сарын 14-нд Оросын хэвлэлүүд мэдээлж байлаа.
Наймдугаар сарын есөнд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй олон нийтийн эсэргүүцэл Беларуст өрнөж байгаа энэ үед Оросын Засгийн газрын онгоцууд нислэг үйлдэж байгаа нь хэвлэлийнхний анхаарлыг ихээр татаж байгаа юм.
Энд дуулгахад, "Россия" тусгай нислэгийн отряд гэдэг нь ОХУ-ын өндөр албан тушаалтнуудад агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар тусгай зориулалтын онгоцуудыг Ерөнхийлөгч бичгээр зөвшөөрөл өгсний дагуу ОХУ-ын төрийн албан тушаал хашиж байгаа этгээдүүдийг тээвэрлэхэд зориулан гаргадаг аж.
Тодруулбал, тусгай онгоцоор ОХУ-ын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч хараахан тангаргаа өргөөгүй байгаа этгээд, ОХУ-ын Засгийн газрын дарга, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, Төрийн думын дарга, Дээд шүүхийн дарга, Үндсэн хуулийн шүүхийн дарга, Ерөнхий прокурор, Мөрдөн шалгах хорооны дарга, Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн% Гадаад хэргийн сайд гэсэн хүмүүс үйлчлүүлдэг юм байна.
Путин: Беларусын дотоодын нөхцөл байдлыг тогтворжуулах гэсэн оролдлогууд гарч байна
Беларусын эсэргүүцэл: Тамирчид шигшээ багийн төлөө тоглохгүй гэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ