Навальныйг шилжүүлэн тээвэрлэх боломжгүй гэжээ

Оросын сөрөг хүчин Алексей Навальный хэвтэн эмчлүүлж байгаа Омскийн яаралтай тусламжийн эмнэлгийн эмч нар өвчтөний биеийн байдал тогтворгүй байгаа тул өөр эмнэлэг рүү шилжүүлэн тээвэрлэх боломжгүй гэжээ. Энэ талаар Алексей Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдээллээ.
"Ерөнхий эмч Навальныйг тээвэрлэх боломжгүй гэсэн. Биеийн байдал нь тогтворгүй байгаа. Ар гэрийнхэн нь түүнийг өөр эмнэлэг рүү шилжүүлэх шийдвэр гаргасан ч энэ нь хангалтгүй байна" хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ.
Шилжүүлэн тээвэрлэхийг хориглосон нь Навальныйн амь насанд шууд аюул заналхийлж байгаа хэмээн Ярмыш онцолсон байна. "Шаардлагатай тоног төхөөрөмжгүй Омскийн эмнэлэгт, ямар ч онош тавиагүй ийм үед үлдээх нь үхлийн аюултай" хэмээн тэрбээр өгүүлжээ.
Харин Вести агентлагийн мэдээлснээр, баасан гаригийн өглөө Навальныйн бие сайжирч эхэлсэн гэж Омскийн эмнэлгийн эмч нар өгүүлсэн байна. Нарийвчилсан шинжилгээ хийхэд дахин хоёр өдөр шаардлагатай гэж онцолжээ.
Энд дуулгахад, Германы тал Навальныйг Берлиний эмнэлэгт эмчлэхээр онгоц илгээх талаар мэдэгдэж байсан. Энэ онгоц орон нутгийн цагаар наймдугаар сарын 21-ний 03:11 цагт Нюрнбергээс хөөрсөн бөгөөд өнөөдөр үд дунд Навальныйг тээвэрлэн буцах төлөвлөгөөтэй гэж мэдээлж байлаа.
Шинжээчдийн байр суурь: Навальныйг "хордуулсан" шалтгаан юу байв?
Литвиненкогоос Навальный хүртэл: Хэнийг, юугаар хордуулж байв?
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ