Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жилд хүмүүс хөдөлгөөний дутагдалд орж, эрүүл мэнд нь доголдоход хүрсэн энэ цаг үед “Илүүдэл жингүй эртэч Монгол” аяныг хэрэгжүүлж байгаа нь нэн чухал хэрэг боллоо. Хүмүүсийн илүүдэл жинг багасгах, эрүүл мэндийг нь бэхжүүлэхэд хувь нэмэр өгөх энэхүү аянд манай ард түмэн идэвхтэй оролцож байна. Аян эхэлснээс хойших 14 хоногийн хугацаанд улс даяар 200 гаруй байгууллага, 50 мянган иргэн нэгдсэн. 126 спорт заал, фитнес клуб, танхимд дасгал хөдөлгөөн хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд Биеийн тамир, спортын газар болон дүүргүүдийн спорт хороод идэвхтэй оролцож байна. Нийслэлийн есөн дүүргийн 16 спорт заал, 30 гаруй танхимд аянд нэгдсэн 16 мянга гаруй иргэн цуглаж, өглөөний дасгал хийж байгаа. Өдөр тутам 6-8 мянган иргэн спорт заалаар үйлчлүүлдэг. Өнөө өглөө л гэхэд 6682 иргэн хамрагдсан байна.