Улсын эмнэлгүүдэд эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг дархлаажуулна
Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд дархлаажуулалтын түр цэгийг байгууллаа. Эдгээрт архаг суурь өвчин, антибиотикийн харшил болон эрүүл мэндийн бусад шалтгаанаар дархлаажуулалтын цэгээс буцсан иргэдийн биеийн байдлыг үнэлж, туйлын эсрэг заалт биш тохиолдолд “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамруулах юм.


















