Хууль 30 зүйлтэй бөгөөд үүнээс илэрхий болон нийтлэг байдлаар харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалт 18 зүйл буюу 62 хувийг эзэлж байгаа бол харилцагчийн эрхийг илэрхий хамгаалахтай холбогдсон нарийвчилсан зохицуулалт 10 зүйл байна. Тухайлбал, банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, банк, эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох ба үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих юм. Түүнчлэн, банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй байхаар зохицуулжээ.