Богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос хохирогч болсон иргэд, аж ахуйн нэгжийн тоо сүүлийн үед эрс ихэссэн. Тэр тусмаа сүүлийн үед залилан мэхлэгч этгээдүүд иргэдийг итгэн үнэмшүүлэхийн тулд улам бүр боловсронгуй, нарийн арга ашиглах болсон. Жишээлбэл, хөрөнгө оруулалт мэтээр өнгөлөн “гоёсон” залилан нь иргэдэд бодит ажил хэрэг мэт төөрөгдөл үүсгэж мөнгө, цаг хугацаагаа алдах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд, Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Энэ төрлийн гэмт хэргийг ялган танихад дараах сэжүүрүүд Танд тус болно.