ЦУВРАЛ №1: Даргын шүүгээнд “дарагдаж”, жуулчдын хөлд дарлагдсан ХАТГАЛЧУУД
“Шувуунаас өөр сүүдэр тусгах зүйлгүй онгон дагшин байгальтай, далай ээжийн хөвөөнд тоглож өслөө шүү дээ” хэмээн Х.Сандагдорж гуай санаа алдана. Тэр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Жанхайн эрэгт үе дамжин амьдарч буй уугуул иргэн, ахмад дайчин хүн. Түүний хань Л.Сүрэн гуай мөн л Тойлогтод төрж өссөн. Тэд 65 жил далайнхаа хөвөөнд нутаглаж суугаа буурлууд. Хэдэн үеэрээ энд л нутаглаж ирсэн хөгшид өнөөдөр “Хэзээ хөөгдөх бол” гэхээс баахан айх болжээ. Учир нь тэдэнд БОАЖЯ-наас олгосон газрын гэрчилгээ үгүй.


















