Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд зээл, санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойлогдсон томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг идэвхижүүлж, эдийн засгийг сэргээх хөшүүрэг болгох чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн хэрэгсэл гаргахаар тусгагдсан. Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй төгрөгийн болон ам.долларын хосолсон нийт 2.0 их наяд төгрөг бүхий өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч зах зээлд арилжаалах зөвшөөрлийг олгосон.