Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадам энэ сарын 24-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сум болно. Тэгвэл уг наадамтай холбогдуулан Даншиг наадмыг зохион байгуулах үндэсний хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг, Арвагар хээр МСУХ-ны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн нар оролцлоо.
Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Будапешт хотод, тавдугаар сард Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулжээ.
Мөн Өндөр гэгээн Занабазарын тухай түүхэн баримтат кино хийж, түүний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гэрэлт хөшөө босгож, бэсрэг наадам хийжээ. Түүнчлэн, ойн хүрээнд Амарбаясгалант хийд дэх Шар өргөөг сэргээн засварлах, Арвайхээр хотын Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлаж, бүтээлийн музей байгуулсан байна. Харин энэ сарын 24-26ны өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулах болсон талаар УИХ-ын гишүүн Г.Батхүү мэдээллэсэн юм. Уг наадмыг нийт 149 сая төгрөгөөр хийж буйгаа тэд онцолсон юм.
Наадам эрлийз морины уралдаанаар эхэлнэ
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадам энэ сарын 24-нд эрлийз морины уралдаанаар эхэлнэ. Харин 25-ны өдөр албан ёсны нээлтээ хийх нээ. Тодруулбал, Даншиг наадам хязаалан, шүдлэн, даага зэрэг насны эрлийз бага, дунд насны морины уралдаанаар эхлэх юм байна. Мөн дээрх гурван насны монгол морьдыг тусад нь уралдуулах ажээ. Харин наадмын хоёр дахь өдрөөс азарга, соёолон, их насны монгол морьдыг уралдуулах аж. Ингэхдээ “тавиач” нэртэй хүүхдийг явуулахгүй гэж наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдлээ. Хязаалан насны морьд 18 км, шүдлэн 15 км, даага 12 км , азрага 22 км, соёолон 22 км, их нас 25 км зайд тус тус уралдах нээ. Түрүүлсэн морьдод 8 сая төгрөгийн бай шагнал олгох аж.
512 хүчит бөх зодоглоно
Даншиг наадмын албан ёсны нээлт энэ сарын 25-нд эхлэх юм. Наадмын нээлтэд монголын урлаг соёл, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд оролцох юм байна. Наадамд улс, аймаг, цэргийн цолтой 512 хүчит бөх барилдах аж. Түрүүлсэн бөхөд найман сая төгрөг, үзүүрлэсэн бөхөд таван сая төгрөгийн бай шагналыг тус тус гардуулах юм байна. Мөн сурын харваа, урлаг соёлын тоглолт, ёслолын буудлага, шашны арга хэмжээ, монголын шилдэг айраг шалгаруулах уралдаан тус тус зохион байгуулагдах аж.
Айргыг НҮБ-д бүртгүүлнэ
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадмын хүрээнд монгол айргыг НҮБ-ын соёлын өвд бүргүүлэх юм байна. Түүнчлэн, монголын хамгийн шилдэг айргыг шалгаруулах ёслолыг хийх аж. Энэ үйл ажиллагаа энэ сарын 25-нд болох юм байна.
Дашрамд дуулгахад, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн арга хэмжээний нийт төсөв 500 сая төгрөг болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Батхүү “Өндөр гэгээн Занабазарын хийж байсан ажил, уран бүтээлийг алдаршуулах, сурталчилах, судлах ажилд багагүй хөрөнгө зарцуулагдсан. Нийтдээ 500 гаруй сая төгрөгийн төсвөөр ойн үйл ажиллагаа явагдаж байна. Ойн хүрээнд номууд хэвлүүлсэн, гадаад дотоодын төлөөлөгчдөд зориулж баримтат кино, эрдэм шинэжилгээ, соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдсан гэдгийг хэлмээр байна гэв.
Б.Дэжид